Журмын төсөлд саналаа өгнө үү?

0
61

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

 Журам шинэчлэн батлах тухай

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.5.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, Ойн тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.1.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд болон байгаль хамгаалах,  зорилгоор мод, бут тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад  мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
  2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг аймгийн Засаг даргад даалгасугай.
  3. Уг тогтоолыг батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 09 өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 ДАРГА                                                           Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ

                    Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын оны …. дугаар сарын …. өдрийн …. дугаар тогтоолын хавсралт

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ТАЛБАЙД БОЛОН  БАЙГАЛЬ ХАМГААЛАХ,  ЗОРИЛГООР МОД, БУТ ТАРЬЖ УРГУУЛСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД  МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

  • Иргэн, иргэдийн бүлэг, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон байгаль хамгаалах, орчны доройтлыг бууруулах зорилгоор хөдөө тарьж ургуулсан мод, бутыг үнэлэн орон нутгийн төр захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлэн, урамшуулал олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Журмын зорилго

  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хий, цөлжилтийг бууруулах, гол горхи, булаг шандын эхийг хамгаалан мод, бут тарих, элсний нүүдлээс хамгаалах хамгаалалтын ойн зурвас байгуулах, хөрсний элэгдэл, эвдрэлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон мод, бут, сөөгийг тарих үйлсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Гурав.Урамшуулалд хамрагдах шалгуур үзүүлэлт.

3.1. Иргэн, иргэдийн бүлэг, нөхөрлөл аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн хөрөнгөөр дараах газруудад мод, сөөг тарьсан тохиолдолд урамшуулал олгоно.

  • Аймаг, сум орон нутгаас ногоон байгууламж бий болгох зорилгоор төлөвлөсөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэг, хамгаалалтын зурвас
  • Булаг шанд хамгаалах, хөрсний элэгдэл эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, бэлчээр хамгаалах, тусгай хамгаалалттай, байгалийн үзэсгэлэнт дурсгалт газрыг моджуулах зорилгоор тарьж ургуулж байгаа мод сөөг хамаарна.
  • Иргэний өөрийн өмчлөлийн газар, хашаандаа тарьсан 30-аас дээш тооны мод, сөөгөнд
  • Газрын тухай” хуулийн 56.6 дахь заалтын дагуу хот тосгоны өнгө үзэмжийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах үүргийн хүрээнд хийгдсэн ажлаас илүү гарч байгаа  талбайд ноогдож буй мод, сөөгөнд

3.2. Нийтийн эзэмшлийн талбайд мод тарих иргэн, иргэний нөхөрлөл,аж ахуйн нэгж, байгууллага мод тарих талбайн хамгаалалт, усалгаа, арчилгааг бүрэн хариуцсан байх.

3.3. Тарьсан модны талбай зохион байгуулалтын хувь мод хооронд зай буюу ургамал хоорондын зайг 0.5 метрээс ойргүй байна .

Дөрөв. Урамшуулалд  хамрагдахгүй  нөхцөл байдал

  1. Дараах тохиолдолд урамшуулалд хамрагдахгүй.

4.1. Арилжааны зорилгоор буюу мод үржүүлэг, тарьц суулгац бойжуулах, жимсний аж ахуйн мод, сөөг, бут түүний хамгаалалтын зурвас, газар тариалангийн хамгаалалтын зурвас

4.2. Гадаадын төсөл хөтөлбөр, хандив болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тарьсан мод, сөөг

4.3. Хууль болон холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд хийгдэж байгаа уул уурхай болон байгаль орчинд шууд сөрөг нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн  нөхөн сэргээлтийн зориулалтаар, байгууллага, аж ахуй нэгж нь “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээндээ тарьсан мод, сөөг

4.4. “Газрын тухай” хуулийн 56.6 дахь заалт /Хот тосгоны өнгө үзэмжийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана/ -ын  хүрээнд аж ахуйн нэгж байгууллага гадна талбай орчиндоо хуулиар хүлээсэн үүргийн дагуу тарьсан мод, сөөг

4.5  Иргэний өөрийн өмчлөлийн газар, хашаандаа тарьсан 30-аас  доош тооны мод, сөөг

4.6  Энэхүү журмыг батлагдахаас өмнө таригдсан мод, сөөгт журмыг буцаан хэрэглэхгүй.

4.7   Өмнө нь урамшуулалд хамрагдсан мод сөөгт давхардуулан олгохгүй.

4.8. Гэрээ байгуулж бүртгэлд хамрагдаагүй болон стандартын шаардлага хангаагүй, тарьсан мод нь ургаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохгүй.

 

Тав. Урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч бүртгэх

5.1. Энэхүү журмын шаардлагыг бүрэн хангасан урамшуулалд хамрагдах хүсэлтэй иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага мод тарьсан урамшуулалд хамрагдах  хүсэлтээ жил бүрийн 5 дугаар сарын 20-ны  өдрийн дотор тухайн сумын Засаг даргын Тамгын газарт бичгээр гаргана.

5.2. Сумын Засаг даргын Тамгын газар шаардлага хангасан  эсэхийг нягтлан үзээд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгж байгууллагын материалыг албан бичгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ.

5.3. Хүсэлтэд иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллага өргөдөл, модны төрөл, тоо, мод тарьсан газрын зураглал, мод тарьсан газрын өмнөх болон тарилтын дараах  байдлыг харуулсан  фото зургийг нэг байрлалаас авч харьцуулсан байдлаар заавал хавсаргасан байна.

5.4. Байгаль орчин, аялал жуулчлалын газар сумдаас ирүүлсэн материалыг хүлээн авч аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг газар дээр нь тооллого явуулж акт үйлдэх ажлыг жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны дотор гүйцэтгэн акт, фото зургаар баталгаажуулна.

5.5. Ажлын хэсгийн мод, бутны тооллогын хүчин төгөлдөр  акт, материал ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн урамшуулал олгох тухай аймгийн Засаг даргын захирамж гарна.

5.6. Хүсэлтээ өгч урамшуулалд хамрагдах болзол хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг эхний жилдээ бүртгэлд хамрагдан эрх нь нээгдэх ба дээрх судалгаанд үндэслэн  төсвийг батлуулж, дараа оны намрын тооллогын актыг үндэслэн ургалтыг баталгаажуулсны үндсэн дээр нэг удаа урамшуулал олгоно.

Зургаа. Гүйцэтгэлийг хүлээн авч, урамшуулал олгох

6.1. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн актыг үндэслэн аймгийн засаг даргын захирамж гарган урамшууллыг тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор олгоно.

6.2.Амжилттай тарьж ургуулсан мод нэг бүрт дор дурдсан урамшуулал олгоно.

 Тарьсан мод, бутанд олгох мөнгөн урамшууллын хэмжээ

 

Тарьсан мод, сөөг, бутны төрөл Урамшуулал /Мян.төг/
1 Шилмүүст мод 40.0
2 Навчит мод,сөөг 10.0
3 Жимсний бут 15.0

 

6.3. Мод, бут тарьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2 дахь жилийн тооллогыг үндэслэн урамшууллыг зөвхөн нэг  удаа олгоно.

Долоо. Санхүүгийн эх үүсвэр

7.1. Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллага нөхөрлөлийн урамшууллыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Үүнд:

7.1.1. Орон нутгийн төсөв

7.1.2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал

7.1.3. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хандив, тусламж

7.1.4. Бусад  эх үүсвэр

7.2. Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллага нөхөрлөлийн урамшууллыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгуулах саналаа хүргүүлж, аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлнэ.

 

Найм. Хариуцлага

8.1. Модны урамшуулал авсан иргэн, иргэдийн бүлэг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь 2 жилийн дотор тарьсан модоо арчилж хамгаалахгүй үхүүлсэн, мал амьтанд идүүлсэн тохиолдолд өөрийн зардлаар нөхөн тарих ба нөхөн тарилт хийгээгүй тохиолдолд урамшууллыг буцаан төлүүлнэ.

 

 

 

 

 

—–оОо—–

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here