“НОГООН ПАСПОРТ”-“МОНГОЛ ОРОН ДАЯАР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

27

Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяны орон нутаг дахь анхны нээлтийг дотоодын аяллын төв цэг, шашны жуулчлалын гол маршрут болсон Дорноговь аймгийн Хамрын хийд-Энергийн төвд зохион байгууллаа.

Тус аян нь орон нутгийн хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Говьсүмбэр, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа, Галба-Өөш долоодын сав газрын захиргаа, Их нартын тусгай хамгаалалттай газрын захиргааны албан хаагчид болон Улаанбаатар хот, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 ангийн “Эко клуб”-ийн 300 гаруй сурагчид оролцлоо.

2018 оны 09 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Г.Анх-Амгалан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н. Солонго нар Говьсүмбэр аймгийн төлөөллүүдийн зохион байгуулалтыг хариуцан оролцлоо.

“Ногоон паспорт” аяны нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хүүхдүүд эх дэлхий, байгальтайгаа зөв харьцах, “Ногоон паспорт”-аа хэрхэн үр дүнтэй хөтлөх, байгаль орчноо хамгаалах, мод тарих, хог хаягдлаа ангилан ялгах талаар бүтэн өдрийн өртөөчилсөн сургалтад сууж, сургалтын төгсгөлд говьд хамгийн сайн ургадаг гурван төрлийн нийт 400 орчим модыг хамтдаа тарилаа.

Мод тарих ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ж.Дэлгэрсайхан болон орон нутгийн удирдлагууд нэгдэж хүүхэд багачуудтай хамт мод тарилаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс мод тарьсан талбайг хашаажуулах, усалгааны систем хийх, сандал сүүдрэвч тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Хамрын хийдийг зорьж ирсэн аялагч, жуулчид энэ цэцэрлэгт хүрээлэнд саатахдаа нэг мод тариад буян үйлдээд буцдаг байх боломжийг олгох зорилготойгоор хийгдсэн ажил юм.