Усны төлөө тэмцэл бол амьдралын төлөө тэмцэл юм.

56

  Усны хомсдол уур амьсгалын өөрчлөлтийн дараах хамгийн аюултай асуудлын нэг болсныг өнөөдөр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Шинэ зуун эхлээд нэгхэн арваныг үдэж буй ч дэлхийн хүмүүсийн хувьд энэ хоёр дахь мянганд ус чандмань эрдэнэд тооцогдож, нефтьтэй адил үнэд хүрэх нь тодорхой боллоо. Нефтийг орлох бүтээгдэхүүнийг дэлхийн эрдэмтэд бүтээж эхэлсэн. Харин өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний оршин тогтнохуйн эхлэл болсон усыг бий болгох нь байтугай нууцыг нь ч бүрэн гүйцэд тайлж чадаагүй байна.

Амьд байхын тулд энэ чандмань эрдэнээ хамгаалах, хямгадах үү рэг энэ үеийнхэнд ногдож буй. Тэртусмаа Төв Азийн цээжинд оршин буй монголчуудын хувьд усны асуудал анхаарал татсан чухал асуудлын нэг болов. Дэлхийн бөмбөрцөг дээр оршин буй 145 орноос Монгол орон усны нөөцөөрөө 22-т буюу хязгаарлагдмал нөөцтэй улсын тоонд ордог. Гэтэл өнөөдөр

Монголын нийт хүн амын 50-74 хувь нь усны стресстэй

Дэлхий дээрх усны нийт нөөцийн 97.4 хувийг далайн давстай ус эзэлдэг. Үлдсэн нь буюу 2.6 хувийн талаас илүүг Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулын цас мөс эзэлдэг аж. Үүний үлдсэн нэгхэн хувь нь бидний чандмань эрдэнэ хэмээн нэрлэдэг цэвэр ус юм. Харин дэлхийн нийт усны нэгхэн хувийг эзэлдэг цэвэр усны энэ нийт нөөцийн хоёр хувийг манай Хөвсгөл далай бүрдүүлдэг нь монголчууд бид цэвэр усаар гачигдахгүй гэсэн үг биш ээ. Газрын гадарга дээрх ус агаарт ууршиж, үүл болон хуримтлагдаж хур буух замаар эргэж дэлхий дээр усны тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг. Гэтэл хүний үйл ажиллагааны улмаас байгалийн энэ зохицолдолгоо, харилцан хамаарал хэт алдагдсан нь сүүлийн хэдхэн жилийн дотор усыг алтнаас, нефтьнээс илүү үнэд хүргэлээ. Израилийн Ерөнхий сайд асан Шимон Перес усны асуудал бол энх тайван, дайн хоёрын аль алиных нь хурдасгуур болж болох юм хэмээн дүгнэсэн нь хүн төрөлхтөнд нэгийг бодуулж, хоёрыг сануулж буй. Хөгжингүй орнуудад усны хэрэглээг зарим талаар хязгаарлаж чадсан туршлага байна. Тухайлбал, америкчуудын усны ахуйн хэрэглээ 1980 оноос хойш 10 хувь буурчээ. Лос Анжелест хүн амын тоо нэмэгдсэн ч хүмүүсийн усны нийт хэрэглээ багассан аж. Ийм үр дүнд хүрэхэд суултуур, усалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ технологи нөлөөлсөн.

Харин хөгжиж байгаа болон буурай орнуудын хувьд усны хэрэглээ нэмэгдсээр байгаа. Манай орны хувьд л гэхэд орон сууцанд амьдрагсдын усны хэрэглээ нэг хүнд өдөрт 400 литр ногдож байгаа нь зарим хөгжингүй орнуудынхаас бараг хоёр дахин давсан үзүүлэлт юм. Усны тухай хуулиар усны үнийг бүсчлэн нэмэх тухай ярьж буй ч эерэг үр дүн гарч, хараахан амжаагүй л байгаа. Монголд сүүлийн хэдхэн жилд уурхай эрчимжиж, үйлдвэрлэл газар тариалан эрчимтэй сэргэсний хэрээр цахилгаан болон дизель мотороор гүний усыг зогсолтгүй соруулж, голын голдирлыг өөрчлөн урсгаж байна. Ингэснээр бидний усны хэрэглээ байгалийн усны эргэлтийн хурдаас түрүүлж буйгаас ус хомсдох аюул ойрхон байна.

Гэтэл бид газрын гадарга дээрх болон доорх усаа хайрлаж гамнах нь байтугай цэвэр усаараа алт угааж, жорлонгийн суултууртаа “ундны” усаа хэрэглэж банйа. Гол горхи булаг шандаа хамгаалах эзэнгүй орхигдуулснаас нь зөвхөн нийслэл төдийгүй улс даяараа цэвэр усны хомсдолд эхнээсээ орж, орших, эс оршихуйн сонголттой нүүр тулж эхлээд байна.

Өнөөдөр дэлхий дээр 1.1 тэрбум хүн ундны усаар гачигдаж, хором тутамд нэг хүүхэд шингэний дутагдалд орж алтан амиа алдсаар байна. Харин монголчууд бид л усаа үнэ цэнэгүй мэт урсгасаар байгаа нь орших, эс оршихуйн төлөөх тэмцлийн утга учир болж мэдэх нь.